ХХААХҮЯ: СҮҮ БОЛОВСРУУЛАХ 60 ОРЧИМ ЖИЖИГ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 оноос хойш нийт 745 тэрбум төгрөг, Сум хөгжүүлэх сангаас 134 тэрбум нийт 880 орчим тэрбумын зээлийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгожээ.
17 аймгийн нийт 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн мах худалдан авч хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд нөөцлөхөөр болсон. Зургийг: С.Батсайхан
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хувьд зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөр онцоллоо. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сар гэхэд улсын хэмжээнд 60 орчим сүү боловсруулах жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. “Эм Ди Эм” компани Японы сүү боловсруулах орчин үеийн техник, технологийг Монголд нэвтрүүлэх ажлыг хариуцах бол салбарын яам бодлогын дэмжлэг үзүүлэх юм байна. Үүнээс гадна 17 аймгийн нийт 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн мах худалдан авч хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд нөөцлөхөөр болсон. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг салбарын сайдын урамшууллын зардлаас гаргах юм байна.

Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 13 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Цаашид хүйтний эрч чангарч, цас нэмж орвол нэмж 37 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа ажээ. Тиймээс мал, мах бэлтгэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байгаа юм. Улсын хэмжээнд одоогоор мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд нийт 47 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр энэ сарын хоёр дахь долоо хоногт хонины мах кг нь 5700, үхрийн мах 6700 төгрөгийн дундаж ханштай байна. Харин махны экспортын хувьд эрүүл ахуйн асуудал хамгийн тулгамдсан асуудал болдог. Малын нэгдсэн эмнэлэг байхгүйн улмаас хувийн эмнэлгүүдэд найдаж, хяналт сул тавьдаг. Тиймээс Улсын Нэгдсэн Мал эмнэлгийг байгуулах болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх


Facebook

YouTube

LinkedId