“Таван толгойн” төслийг хэрэгжүүлэгч компанийн 51 хувиас доошгүйг монголын тал эзэмшинэ.

Засгийн газар “Таван Толгой” төсөлд хөрөнгө оруулах, оролцох сонирхолтой “Шинхуа” групп болон “Энержи Ресурс” тэргүүтэй дотоодын компаниудтай хэлэлцээ хийж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн “Таван Толгой”-ийн хэлэлцээрийг сайжруулах Ерөнхий сайдын удирдамжийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Үүнд дурдсанаар, “Таван Толгой” төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших, үүн дотроо Төрийн өмчийн “Эрдэнэс Таван Толгой”-ийн оролцоог зохистой түвшинд хангах тухай тусгасан байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу Төрийн өмчит “МТЗ” компанийг оролцуулах тухай тусгажээ. Харин олборлолтын хувьд төсөл хэрэгжүүлэгчид олборлосон нүүрсээ Монголд боловсруулсны дараа экспортлох, үүний тулд Монгол Улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих асуудлыг тусгасан.

Эргэн сануулахад, Баруун Цанхийн нүүрсийг “Энержи Ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт нийлүүлж боловсруулах талаар яриа, хэлэлцээ хийж байгаа гэж “Эрдэнэс Таван Толгой”-оос өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна Ерөнхий сайдын удирдамжид тусгасан нэг зүйл нь төслийн хэрэгжүүлэгч, оператор компани болон төмөр зам, ханган нийлүүлэлтэд Монголын компаниудын оролцоог хамгийн боломжит дээд түвшинд хангаж оролцуулах ажээ.

Сэтгэгдэл үлдээх


Facebook

YouTube

LinkedId